Танилцуулга
Танилцуулга

 

Компанийн тухай

Жаргалант Мах Импекс ХХК нь мах, махан бүтээгдэхүүнийг орчин үеийн технологи, шаардлагад нийцсэн бүх төрлийн машин механизм, тоног төхөөрөмжөөр боловсруулах мах боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагааг эрхэлдэг компани юм. Манай мах боловсруулах үйлдвэр нь Орхон аймгийн төв, Баянцагаан багийн нутаг дэвсгэрт байгуулагдаж, 2016 онд ашиглалтад орон үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн ба ашиглалтад орсон даруйгаа Монгол Улсын Мэргэжлийн Хяналтын “ААА” зэрэглэлийн итгэмжлэлээр итгэмжлэгдэн, мал бэлтгэн төхөөрөх, мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, нөөцлөх, экспортлох үйл ажиллагаа эрхлэх чиглэлээ баталгаажуулсан юм.

Манай компани нь өнөөдөр Монгол улсаас экспортлогдож буй мах, махан бүтээгдэхүүний экспортын зах зээлд танигдаж, хүлээн зөвшөөрөгдсөн компани болоод байгаа нь өөрийн үйл ажиллагаанд хүнсний аюулгүй байдлын шаардлагыг нэн тэргүүнд тавьж, инноваци, шилдэг техник, технологийг алхам тутамдаа нэвтрүүлэхийг зорьж, нийгэм, байгаль орчиндоо ээлтэй компани болохыг анхнаасаа зорилго болгон ажилласны үр дүн юм. Манай компани нь HACCP, ISO хүнсний аюулгүй байдлын стандартуудыг үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд бүрэн нэвтрүүлэхийн зэрэгцээ импортлогч улс орнуудын мах, махан бүтээгдэхүүн импортлох журам, горимыг хангаж, зохих зөвшөөрлийг авсны үндсэн дээр Хятад, Иран улсуудад мах, махан бүтээгдэхүүнийг тогтмол экспортлож ирсэн ба сүүлийн жилүүдэд Казакстан, Узбекстан улс руу экспортын зах зээлээ өргөжүүлээд байна.

Компани нь мах, махан бүтээгдэхүүний эрүүл ахуйн аюулгүй байдал, чанарын шаардлага хангасан эцсийн бүтээгдэхүүнээр гадаад, дотоодын хэрэглэгчдийг ханган үйлчлэхэд малын өвчлөл болон болзошгүй эрсдлийг багасгах нь нэн ач холбогдолтой гэдэгт анхаарлаа хандуулж, энэ чиглэлд малчидтай, орон нутагтай хамтран ажиллахыг зорьж ирсэн. Малыг эрүүлжүүлэх асуудалд дэмжлэг туслалцаа үзүүлж, тодорхой үүрэг, чиглэлтэй оролцож ажиллаж ирсэн ба ингэснээр үйлдвэрт эрүүл мал ирэх нөхцөл, боломжийг бүрдээд зогсохгүй малчдын малын эрүүл мэндийн байдал дээшилж, үнэ цэнэ нь өсч байгаа нь харилцан ашигтай, хамтын ажиллагаа болж байна.

Компани нь Монгол улсын махны салбарын хөгжлийг шинэ шатанд гаргасан, байгаль орчинд нэн ээлтэй, НҮБ-аас тунхагласан тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангасан, Монгол Улсын Засгийн газраас зарласан Алсын хараа – 2050 чиглэл зорилгод нийцсэн, мөн Хөдөөгийн сэргэлт Засгийн газрын бодлогыг дэмжсэн томоохон төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөн, ажлаа эхлүүлээд байгаа болно.

Захирлын мэндчилгээ

Жаргалант Мах Импекс ХХК-ийн вэб хуудсанд тавтай морилно уу. Манай компанийн тухай сонирхож, манай хуудсанд зочилж байгаад тун баяртай байна. Манай компани нь Монгол улсынхаа бэлчээрийн онцлогтой малын махыг өндөр технологи, хүнсний аюулгүй байдлын ISO стандартыг мөрдүүлснээр дэлхийд таниулах эрхэм зорилго, алсын хараа агуулсан компани юм аа. Компанийн үйл ажиллагаа гэхээс илүүтэй та бүхэнд манай компани ямар соёлтой, ямар үнэт зүйлсийг эрхэмлэдэг компани болох талаар эхлээд танилцуулахыг би хүсч байна.  Бид хамт олон гэсэн соёлыг эрхэмлэдэг компани, манай хамт олон нь компанийхаа бизнест чин сэтгэлээр хандаж, компанийн үйлчлүүлэгчид хамгийн сайн бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэхийг зорьж ажилладаг ба ингэснээрээ хамт олон, багийн гишүүн нэг бүрт тогтвортой ажлын байр, хамгийн сайн цалин урамшуулал хүртэх боломж хангагдана гэдгийг ойлгодог. Манай хамт олон хийж буй ажилдаа хамгийн шилдэг нь байж, бизнестээ амжилт авчирна гэдгийг ухамсарладаг, иймээс ч тасралтгүй сурч, хөгжиж байдаг. Жаргалант Мах Импексийн дадлага туршлагатай нэгдмэл хамт олон, тасралтгүй суралцах соёл нь манай компанийн хамгийн чухал үнэт зүйл юм. Техник технологийн хөгжлийн хурдыг дагаад асар хурдан өөрчлөгдөж буй бизнесийн ертөнцөд хуучирч, хоцрогдох нь цаг хугацааны асуудал байдаг болоод байгаа тул шинэ техник технологи, шинэ санаа, сорилтод байнга нээлттэй, соргог байж, дасан зохицох нь манай компанийн соёл, баримталдаг үнэт зүйлсийн нэг.

 

Компанийн зорилго, чиглэлийг ерөнхийд нь тодорхойлоод хэлбэл, хүнсний аюулгүй байдал, үйлчлүүлэгчид эрүүл аюулгүй бүтээгдэхүүнээр үйлчлэх, нийгмийн хариуцлагатай байх, эрүүл тайван малын орчныг бүрдүүлэх гэсэн дөрвөн асуудлын хүрээнд үйл ажиллагаагаа төлөвлөж, стратеги зорилтоо тодорхойлж ажилладаг гэж хэлж болно. Түүнчлэн, компани нь тогтвортой хөгжлийн зорилго, үзэл баримтлалтай үйл ажиллагаагаа уялдуулан ажиллахыг зорьдог, НҮБ-аас тунхагласан тогтвортой хөгжлийн 17 зорилтыг улс орнууд гэлтгүй, аж ахуйн нэгж, байгууллага нэг бүр үйл ажиллагаанд чиглүүлж ажиллах нь зүйтэй. Өнөөдөр бид нэг л дэлхийтэй, энэ дэлхийгээ хайрлаж, гамнаж, бүгд хамтдаа хичээж, хөгжлөө хуваалцаж, аз жаргалтай, амар тайван орчныг бий болгож байж тогтвортой хөгжил ирнэ гэж ойлгодог, итгэдэг, зорьдог, манай компани.

Манай компанийг сонирхож, манай вэбсайтад зочилсонд дахин баярлалаа.

Та бүхэнд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Жаргалын Анхбаяр

Ерөнхий захирал

Алсын хараа

“Амжилтаа бататгаж, оргилд тэмүүлнэ”

Эрхэм зорилго

“Бэлчээрийн малын махыг өндөр технологи, ISO стандартаар Дэлхийд таниулна”

Уриа

“Иргэн танд – Эрүүл хүнс”

Үнэт зүйл

Мэргэшсэн чадварлаг нөөцийг чухалчлах
Хамтын ажиллагаа, нэгдмэл байдал, багийн сэтгэлгээг эрхэмлэх
ISO стандартуудыг хэрэгжүүлэгч
Шинэлэг техник, технологи
Эрүүл аюулгүй ажлын орчин
Чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүн
Экологийн шаардлагад нийцсэн, тогтвортой ногоон үйлдвэрлэл
Соёлын өв уламжлал

БНХАУ
Экспортын зах зээл тус бүр өөр, өөрийн гэсэн шаардлагатай. Хятадын зах зээлд мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэхийн тулд БНХАУ-ын Чанарын хяналт шалгалт, хорио цээрийн ерөнхий газар (AQSIQ)-т өргөдлөө өгч, зөвшөөрөгдсөн тохиолдолд нийлүүлэгдэнэ. AQSIQ-ийн төлөөлөгчид экспортын байгууламжуудыг газар дээр нь шалгаж, хүнсний аюулгүй байдлын шаардлагад нийцэж байгаа эсэхийг шалгаж, шаардлага хангаж байвал Хятадын зах зээлд импортлох зөвшөөрлийг олгодог. Жаргалант Мах Импекс нь 2018 онд Хятадын зах зээлд адууны ясгүй хөлдөөсөн мах экспортлох зөвшөөрлийг авсан. AQSIQ-д дулааны аргаар боловсруулсан үхрийн мах экспортлох хүсэлт гаргаж, БНХАУ-ын мэргэжилтнүүд хүрэлцэн ирж, газар дээрх үзлэг хийсэн боловч COVID-19 тахлын улмаас зөвшөөрлийн явц хойшлогдсон ба саяхан сэргээгдээд байна.
Иран улс
Иран улсад экспортлох мах, махан бүтээгдэхүүнд нядалгааны тусгай шашны зан үйл бүхий шаардлага тавигддаг ба халал аргын боловсруулалтын гэрчилгээ олгогддог. Жаргалант Мах Импекс нь 2019 оны 5-р сард Халал ба Исламын Хүнсний Зохицуулах Агентлагаас халал бүтээгдэхүүн үйлдвэрлэх гэрчилгээ авсан. Бид Ираны түнш, мөн Ираны Мал эмнэлгийн байгууллагын мэргэжилтнүүдийн хяналтан дор халал аргын нядалгаа хийж, бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг.
Казакстан улс
Казакстан улсад нийлүүлэгдэх мах, махан бүтээгдэхүүн нь мөн халал аргын боловсруулалтын гэрчилгээ шаарддаг. Түүнчлэн тус улсын Хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн импортлох дүрэм, стандартад нийтлэгдсэн удирдамжийг дагаж мөрдөх ёстой.
Узбекстан улс
Узбекстан улсад нийлүүлэгдэх мах, махан бүтээгдэхүүн нь мөн халал аргын боловсруулалтын гэрчилгээ шаарддаг. Түүнчлэн тус улсын Хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн импортлох дүрэм, стандартад нийтлэгдсэн удирдамжийг дагаж мөрдөх ёстой.
Бүтэц
Үйл ажиллагааны чиглэл

Мал, мах үйлдвэрийн аргаар бэлтгэх, боловсруулах, нөөцлөх

Дулааны аргаар боловсруулж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх

Дайвар бүтээгдэхүүн боловсруулах, үйлдвэрлэх

Гадаад худалдаа, экспортлох

Хамт олон

Бид орон нутгаас байнгын ажлын байранд 40 гаруй ажилтан, түр ажлын байранд 30 гаруй ажилтан албан хаагчидтай нийт ажилчдын 40% нь салбартаа 5-аас дээш жил ажилласан туршлагатай мэргэжлийн өндөр ур чадвар бүхий хамт олон юм.

Хөгжигч хүний нөөцөд тулгуурлан тасралтгүй сурч хөгжиж, гадаад, дотоодын мэргэшсэн зөвлөхүүдтэй хамтран ажиллаж хүнсний салбарт сайн туршлага, ур чадвар бий болгож буй залуу эрч хүчтэй манлайлагч хамт олноорой бид бахархдаг.